ХОЁР НАМЫН ХАМТАРСАН ГЭРЭЭГ АН ДАНГААРАА ЦУЦАЛЛАА

Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт болон хамтран ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын дарга М.Энхболд АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрээр түрий барьж, хамтран ажиллах гэрээг бодитоор дүгнэж чадаагүй гэсэн юм. Уг нь анх гэрээг байгуулахдаа эдийн засагтай холбоотой заалтуудыг чухалчилж байсан. Тиймээс ч Ч.Сайханбилэг чуулганы индрээс эдийн засагт бүх анхаарлаа хандуулахаа мэдэгдэж байлаа. Энэ хүрээнд МАН-ын бүлгийн гишүүд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах олон хуулийн төслийг санаачилж, идэвх зүтгэлтэй ажиллажээ.   Шийдлийн Засгийн газарт ажилласан МАН-ын сайд нар асуудлыг шийдвэрлэхээр бүх боломжийг ашиглан зүтгэсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат гэхэд Өрийн удирдлага, менежментыг боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчинг нь сайжруулах талд анхаарсныг онцоллоо. АН, МАН-тай хамтрахдаа Тавантолгой, Оюутолгойн төслийг өмнөх гэрээний  нөхцлийг нь  муутгахгүйгээр  урагшлуулна гэсэн ч  АН-ын гишүүдийн зөрчлөөс үүдэж бодитой үр дүнд хүрээгүй билээ. Уг нь  хамтарч ажиллах гэрээний хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батбаярын ахалж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай байв.  Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ хуулийн төслүүдийг гацаанд орчихоод байна.  Эндээс АН-ынхны хариуцсан томоохон хуулийн төслүүд ахиц дэвшил огтхон ч гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. АН-ынхан  гэрээг дангаараа цуцалж, МАН-ын сайд нарыг огцруулсан нь хамтарсан  ширээний ард хамт суугаад гэрээгээ дүгнэх зориггүй байгаагийн баталгаа биз ээ. Түүнчлэн “МАН-ын гишүүд хуулийн төслүүдийг эсэргүүцэж, төрийн ажлыг удаашруулж байна”  гэдэг шүүмжлэлийг АН-ынхан байнга хэлдэг. Үүнд МАН-ын дарга М.Энхболд “Бид засагт хамтрахдаа амаа үдүүлнэ гээгүй. Зөвийг нь дэмжиж, бурууг нь засч залруулахаа мэдэгсэн”  гэж хариулсан юм. Түүнээс гадна  чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн үг хэлэх бүрэн эрхэд халдаж, “Надад таалагдахгүй байна”  гэж цензурдаж, парламентад олон жил суусан, тулхтай түшээдийг уймраагаар нь дуудсаныг ёсзүйгүй үйлдэл гэж үзэж буйгаа ч энэ үеэр хэллээ. АН-ын бүлгийн дарга Ц.Гарамгайбаатар хоёр намын хамтарч ажиллах гэрээг дүгнэчихсэн мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн.  Уг нь хамтарч ажиллах гэрээг дангаараа цуцлахыг хориглосон заалт гэрээнд байгаа юм байна. Гэвч “Биднийг шүүмжиллээ” гэдэг шалтгаанаар АН-ынхан хамтран байгуулсан гэрээгээ дангаараа цуцалж байна.  АН-ынхан гэрээгээ бодитоор дүгнэхээс яагаад айгаад байгаа нь улам бүр сонирхол татаж байна. Тэд Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээ барьж, асуудлаас бултаж байгаа нь өнгөрсөн хугацаанд АН-ынхан өөрсдөө хангалттай ажиллаж чадаагүйн илрэл бизээ.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга