Д.СҮХБААТАР ЖАНЖНЫ ҮР ХҮҮХДҮҮД ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАВ

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Ардын эрхт хэмжээт цаазат Засгийн газар тогтсон түүхтэй. Энэ түүхэн үйл хэрэгт Д.Сүхбаатарын оруулсан гавьяа зүтгэл бүдгэрэх учиргүй. Д.Сүхбаатар идэр залуудаа Хүрээ, Хиагтын их замын өртөөнд улаач хийж, улмаар 1912-1919 онд Богд хаант Монгол Улсын цэргийн алба хааж эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь өрссөн амаргүй тэмцэлд гарамгай гавьяа байгуулж явсны учир Богд хааны зарлигаар:

  1. 1912 он /Олноо өргөгдсөний хоёрдугаар он/-ы эцсээр Хужирбулангийн цэргийн сургуулийн төгсөлт болж, онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнажээ. 1913 оны долдугаар сараас Д.Сүхбаатар пулемёт суманд жагсаалын даргын албыг салаан даргатай хавсран хашиж байв.
  2. 1915 оны зургадугаар сарын 3-нд “Олон цэргийг заан сургах нь сайн бөгөөд цэргийн албанд ер осолдсон, омтгойдсон зүйлгүй, ямагт үнэнч шударгаар чармайн зүтгэх нь олноос онц сайшаалтай учир” дөрөвдүгээр зэргээр хөхиүлэн шагнажээ.
  3. 1917 оны арванхоёрдугаар сарын 9-нд Монголын тусгаар тогтнолыг хамгаалж, Баргын нутагт Хятадын хар цэрэгтэй амжилттай байлдсан, гарамгай гавьяа байгуулсан, Зүүн хязгаарт цөмөрсөн “Зах хязгаарын харгис дайсан хулгайч нар лугаа удаа дараа баатарлаг байлдаж, газар орныг ариутган цэвэрлэхэд хүчин зүтгэсэн” тул гутгаар зэргээр шагнажээ.
  4. 1919 арванхоёрдугаар сарын 8-нд Хууль шастир хэвлэх газарт сайн ажилласан зарим лам, ардыг хөхиүлэн шагнахад Д.Сүхбаатарыг дэд зэргээр дээшлүүлэн шагнажээ.
  5. 1921 есдүгээр сарын 23-нд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг гурван нүдний тогосын Отго, Зоригт баатар цолоор шагнажээ. Ардын Засгийн газар 10 гаруй хүнд Монгол Улсын баатар цол шагнуулахаар Богд хаанаа өргөн мэдүүлснийг хаан таалан соёрхож, ёсоор болгосны дотор Д.Сүхбаатарт энэхүү эрхэм цол шагнажээ. Д.Сүхбаатар өөрөө “Би ардын засгийн төлөө амь өрсөн зүтгэсэн гавьяа шагнал горилохгүй” хэмээн хэлдэг байсныг хамтран зүтгэгчид нь дурсамж, дурдатгалдаа үлдээсэн байдаг. Олон түмний дунд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, хүрээлэгдсэн чанар, түүний өндөр нэр хүнд нь үндэсний хувьсгалыг эхлүүлэх, зохион байгуулах, ялалтад хүргэхэд сайнаар нөлөөлжээ.

Д.Сүхбаатар 1912 оноос насан эцэслэтлээ Монгол Улсын цэргийн албанд үнэнчээр хүчин зүтгэж жирийн жагсаалын цэргээс Бүх Цэргийг ерөнхийлөн захирах жанжин /1921 хоёрдугаар 9 – 1923 хоёрдугаар сарын 20/, Ардын Түр Засгийн газрын гишүүн, Цэргийн яамны тэргүүн сайдын \1921 гуравдугаар сарын 24 – 1922 арванхоёрдугаар 20\ өндөр хариуцлагатай албыг хашсан 11 жилийн найм нь Олноо өргөгдсөн хаант Монгол Улсын үед ногдож, Богд хааны итгэлийг хүлээж удаа дараа шагнагдан, хүндэтгэл хүртэж байжээ.

Сүхбаатарын нэрэмжит болон түүний нэрээр алдаршсан байгууллага, газар, гудамж талбай, сум нэгдэл, сургууль соёлын ордон, цэргийн анги хороо Монгол Улсад 30 орчим, гадаад улс оронд 10 гаруй байдаг ажээ. Д.Сүхбаатарын нэрэмжит болгохоор тухайн үед төр, засгаас гаргасан тогтоол, шийдвэр нь хүчингүй болоогүй байхад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид түүний нэрэмжит талбайн нэрийг хууль зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн өөрчилсөн нь үнэхээр гутамшигтай үйлдэл болсон билээ. Суут жанжны нэрээр алдаршсан эдгээр байгууллага, газар улс орны хөгжил дэвшил, амжилт ололтод дэвшилтэт нөлөө үзүүлж, хүчирхэг хөшүүрэг болж ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Алдар цуутай хүний дурсгалыг мөнхжүүлдэг нь хүн төрөлхтний нийтлэг жам, ерөнхий жишиг билээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Сүхбаатарын одонг бий болгож иргэдийг шагнах болжээ. Өнгөрсөн хугацаанд жанжны одонгоор давхардсан тоогоор 11000 гаруй хүн шагнагджээ. Олон хүн авахыг мөрөөдөөд ч бүтэхгүй энэ эрхэм дээд шагналыг 4-5 удаа хүртсэн хүн ч цөөнгүй байдаг. Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан гадаадын цорын ганц хот бол Кяхта юм. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны долдугаар сарын 3-ны өдрийн 144 тоот зарлигаар Буриад Улсын 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү шагнажээ. Одонгийн хувийн дугаар 784 юм байна.

“Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдэхийг юманд бодохгүй зүтгэнэ” хэмээн тангараглаж, “Аливаа хүнд эр зориг байвал юуг ч бүтээж болно”, “Улс орноо хамгаалахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй” хэмээн зоригтой мэдэгдэж, эрэлхэгээр тэмцэж байсан эрүүл саруул, идэр чийрэг, залуу жанжин Д.Сүхбаатар цэл залуу 30 насандаа нас барж, манай ард түмэнд нөхөж баршгүй хохирол учруулсан юм. Эр зориг, эрч хүч, хичээл зүтгэл, үр бүтээл, алдар гавьяагаараа бусдаас онцгойрон шалгарч тухайн үедээ Богд хааны зарлигаар шат шатны шагналуудыг авч байсан Монголын ард түмний аугаа их хүү Д.Сүхбаатарын гавьяа, түүний нэр төрийг бид хайрлан хамгаалах үүрэгтэй.

 

Б.Саяанаа

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга