НИЙСЛЭЛИЙН НАМЗХ-НЫ УЛААНБААТАР БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО

Монгол Улс залуусын орон. Нийт хүн амын 18 хувийг хүүхэд, 70 хувийг 18-34 насныхан эзэлдэг гэсэн статистик үүний нотолгоо. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг залуус эзэлдэг. Залуусын эрх ашиг, дуу хоолойг сонсдог, тул­гамдсан асуудлыг төрд хүргэдэг, залуучуудын  байгууллагын нэг нь нийслэлийн Нийгмийн ардчилал, мон­голын залуучуудын холбоо /НАМЗХ/ юм. Энэ байгууллагын гишүүн залуус өнгөрсөн амралтын өд­рүүдэд “Залуус-Бид хамтдаа”, Улаанбаатар бүсийн залуучуудын нэгдсэн цугларалт 2015 зохион байгууллаа. Энэхүү залуусын цугларалтад нийслэлийн төвийн зургаа, Багахангай, Багануур, Налайх дүүргийн 400 орчим залуус оролцов. Тэд хоорондоо танилцаж, үерхэж нөхөрлөх, найз болох, ойртон нягтрах, зорьж яваа үйлсийнхээ төлөө санал бодлоо уралдуулах зорилгын дор нэгджээ. Тэгээд ч НАМЗХ үерхэл, нөхөрлөлдөө үнэнч залуусын нэгдэл байдгаараа онцлог бөгөөд энэ соёлдоо залуусыг суралцуулах зорилготой. Чуулга уулзалтыг нээж нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Одбаяр нар үг хэллээ. Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Мөнхбат “Нийслэл гэдэг их айл. Энэ их айлын хөгжилд нийслэлийн залуучуудын үүрэг оролцоо их байх ёстой. Монголын ирээдүйн өнгө төрх залуусын нүднээс, зүрх сэтгэл, үйл хөдлөл хамтын ажиллагаанаас хамаарна” гэдгийг онцлов.

Үнэхээр түүний хэлснээр залуу­чууд нь хариуцлагатай, бүтээлч, эрүүл, боловсролтой байж Монгол Улс хөгжинө. Гэвч өнөөдөр Монголын залуучуудын дунд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой яваа нь цөөн байх шиг ээ. Гуниггүй залуу нас гэж дуу, шүлэгт тэрлэдэг ч залуу насаа гундуухан өнгөрөөж яваа нь олон байгаа нь харамсалтай. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч их дээд сургуульд суралцах гэж эцэг, эхээ сургалтын төлбөрт туйлдуулна. Төгсөөд ажлын байргүй, гэр бүлтэй боллоо гэхэд хүүхдээ хүмүүжүүлэх цэцэрлэг ховор. Хажуу өрөө хөлсөлж, хадмын хаяанд хөөгдчихгүй шиг чимээгүй амьдрахыг илүүд үзнэ. Ийм байж болохгүй. залуучууд бид өөрсдийн хүсэл зорилготой алсыг харж, амьдралаа өөдрөгөөр эхлүүлэх учиртай. Гэхдээ тэдэнд арга зам, идэвх санаачилга, нэгдэж нягтрах шаардлага байгааг уулзалтад оролцогсод илэрхийлж байлаа. Тэдний тулгамдсан асуудал, санал бодлыг нь сонсохоор  НАМЗХ-ын ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМЗХ- ны Бодлогын зөвлөлийн дарга, Улсын их хурлын гишүүн  Н.Номтойбаяр, МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа зэрэг удирдах албан тушаалтнууд Улаанбаатар бүсийн цугларалтад оролцсон юм. Мөн намын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ч танилцуулга хийсэн. Намын болон залуучуудын байгууллагын удирдлагууд  залуучуудын санал бодлыг ирэх жил болох УИХ-ын сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана гэдгээ илэрхийллээ. Цаашдаа НАМЗХ  бүтээлч, шинийг эрэлхийлэгч, чөлөөтэй сэтгэгч залуусаа дэмжсэн бодлого барина гэдгийг хэлэв. Үүний тулд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр анхан шатны байгууллагатайгаа нягт хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Уулзалтын бас нэг зорилго нь хувь хүний мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвх санаачлагыг сэргээх явдал байлаа. Уулзалтад ирсэн залуусыг Эх оронч монгол залуу, Бүтээлч монгол залуу, Хариуцлагатай монгол залуу, Боловсролтой монгол залуу, Эрүүл монгол залуу гэсэн үндсэн таван багт хувааж  чиглэлийн дагуу ирсэн залуустаа мэдээлэл өгөхөөс гадна тэд хүмүүнлэгийн үйлст нэгдэн цусаа хандивлав. Энэ дашрамд мэдээлэл хүргэхэд, Цус сэлбэх үндэсний төв өнөөдрийн байдлаар II, III бүлгийн цусны нөөцгүй болжээ. Тиймээс иргэдэд хандан цусаа хандивлахыг уриалж байлаа. Элэгний В,С вирусгүй, 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодсон хэн ч цусаа хандивлаж болно. Танаас нэг удаа 350-400 мл цус авах бөгөөд энэ нь гурван хүний амийг аврах буянтай үйлс юм билээ. Төрөхийн хүндрэл, хорт хавдар, осол аваарт өртөж үхэл амьдралтай тэмцэж байгаа хүмүүст алт мөнгө биш таны бэлэглэх цус л хэрэгтэй. Тиймээс энэ эрхэм үйлст нэгдэх санаачилгыг нийслэлийн НАМЗХ-ны удирдлагууд гарган, залуус идэвхтэй оролцсонд талархал илэрхийлмээр санагдлаа.

 Мэдээж хаана залуус байна, тэнд эрч хүч ундарч байдаг. Энэ ч утгаараа залуус урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулсан. Мөн хөгжөөнт уралдаан тэмцээн ч явуулж, багийн нийлбэр дүнгээр Багахангай дүүргийн баг шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн болсон юм. Шагнал үүгээр дуусаагүй. Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг, МЗХ-ны шагналаар олон хүнийг шагналаа.

“Стратеги” академийн дэд захирал, доктарант Ц.Заяхүүгийн заасан “Эв нэгдэл” хичээл залууст онцгой сэтгэгдэл үлдээж чадсан болов уу. Тэрбээр, Монголчууд эв нэгдлийн хүчээр дэлхийн талыг эзэлж, Манжийн дарлалаас чөлөөлөгдөж байсан. Цаашдаа ч эв нэгдэлтэй байж улсаа хөгжүүлж чадна гэдгийг залуусын “тархинд, зүрхэнд” зурж өгч чадсан.

  Үнэндээ залуус бид эв нэгдэлтэй байж, улс орноо хөгжүүлэх цаг болжээ. Тэгэхгүй төрийн толгойд суусан шударга бус хүмүүсийн үйлдлийг харсаар, түүнтэй нь эвлэрсээр байтал  бидний эрч хүчтэй, хийж бүтээх цаг минь өнгөрсөн байх нь харамсалтай биш гэж үү.  Тиймээс залуусаа хийж бүтээе, эв нэгдэлтэй байж өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйн замыг гэрэл гэгээтэй болгож өгцгөөе. Залуус нь өөдрөг бол, улс орон минь хөгжилтэй, гэгээлэг байна гэдэгт нийслэлийн НАМЗХ-ны салбар, хороодын төлөөлөгч нар санал нэгдсэн юм. 

Энэ үеэр нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.

а нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа. Танай холбоо их хурлаа хийж бүтэц зохион байгуулалтаа шинэчилсний дараа хийж байгаа анхны томоохон уулзалт энэ гэдгийг та хэлсэн. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Миний хувьд өмнө нь нийслэлийн НАМЗХ-ны тэргүү­лэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард холбооны дарга болсон. Ер нь цаашдаа хийхээр төлөвлөсөн маш олон ажил байна. Нийслэлийн 152 хороо бүр дээр ажиллаж, хорооны залуустай уулзаж  санал бодлыг нь сонсоно. Энэ ажлыг энэ онд багтааж хийхээр төлөвлөсөн. Мөн нийслэлийн залуус юу хүсч, мөрөөдөж байна вэ гэдэг судалгааг есдүгээр сард багтаан явуулна. Судалгааны дүн дээр үндэслэн цаашдаа хийх ажлаа төлөвлөнө.

-Улаанбаатар бүсийн цугларалтаас гарсан үр дүнг та юу гэж дүгнэх вэ?

-Нийслэлийн есөн дүүргийн залуусын нэгдсэн цугларалт зохион байгууллаа. Залуус хоорондоо танилцаж нөхөрлөх, туршлага мэдлэгээсээ солилцох, дараа дараагийн үйл ажиллагаагаа нэгтгэх, илүү их эрч хүчээр зүтгэх зорилготой байлаа. Мөн 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, ялалтын төлөө намын дэргэдэх залуусын байгууллага намтайгаа хэрхэн  хамтарч ажиллах талаар санал санаачилга гарлаа. Энэ бол том үр дүн юм. Үүнээс гадна залуусынхаа үерхэл нөхөрлөл, найз болох, бусдын төлөө анхаарал хандуулж ойртон нягтрах хүсэлтэй байгааг харж бахархлаа. Миний хувьд ч залуусаасаа их эрч хүч авлаа.

 

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга